Бүлээн зүрх нь лугшин буй урагийн тань амьсгал бүрийн тоогоор өвдөг сөгдөн гуйя
Хэвлийдээ хайртай үрээ тээж яваа надад бодох тунгаах, төлөвлөх төсөвлөх юм бишгүй л дээ. Цаашид би чинь яах билээ, хүүгээ өсгөхөд юу юу хэрэгтэй, эхний ээлжинд боломжийн цалинтай ажилд орох нь чухал. Харин тэр үед хүүгээ хэнд харуулах вэ? Цэцэрлэгт орох хүртэл нь уг нь өөрөө өсгөмөөр байх юм. Даанч байрны лизинг нтр гээд л ажилгүй удаж болохгүй байдаг. Ажил бас хэцүүдэх гээд л...энэ мэт бодох юм их ээ. Хайртынхаа хүүг төрүүлэх гээд ингээд байж байгаадаа итгэж ядан баярлах авч хааяахан эмнэлэгт ганцаардах нь жоохон тиймхэн л дээ. Эмнэлэгийн өрөөнд ганцаардахын эрхэнд гадаа салхилхаар гарна. Нөгөө л муу зуршил минь надад хань болно. Дүрсгүй хүүхэд насандаа дэггүйтэн тоглож гүйхдээ шохоорхон зуусан тэр мөчөөс хойш намайг огт орхиогүй золиг байгаамлдаа. Одоо хэрнэ хаяж чадалгүй хадгалсаар л байна. Хүүд минь муу гэж сонссон хэдий ч яах ч аргагүй нөхөрлөчихөөд байх юм. (Амаржихын гадаа салхилан, тамхилж суугаа эмэгтэйчүүдийг хараад ийн бичихэд хүрэв )
Эх хүн танаас элэг бүтэн амьдралын төлөө
Ээжийн тань охиноо гэсэн сэтгэлээс гарах итгэлээр
Бүсгүй танаас эх орны чинь ирээдүйн төлөө
Бүлээн зүрх нь лугшин буй урагийн тань амьсгал бүрийн тоогоор өвдөг сөгдөн гуйя
Эцгийн тань санчиганд буусан хяруу
Эрүүл байлгах гэж чамайг өсгөхдөө ядарсныг гэрчилдэг шиг
Эргээд хүү тань чамаас аврал эрэхийн цагт
Энэ насны тэрхэн агшныг буцааж чадахгүйгээ нэг бодоод үзээрэй
Алаг үр хүсээд заяахгүй бол орчлонг яалтай
Амьдралд бүхнийг амлаад ч анзаарч тоохгүй нь лав
Азтай золтой учирлаар өөрийг чинь сонгон ирэхэд нь
Ангир уургаа биш аймшиггүй хортноор утах нь...
Өдөр бүр амаржихын хажуугаар явахдаа харах бүрт сэтгэл өвдөн, зүрх шимширдгийг нуух юун... Адилхан эмэгтэй хүн тул ойлгохыг хичээн дээр хэдэн өгүүлбэр өгүүлсэн нь хэн нэгний тухай биш харин хэн нэгэн түүнийг уншаад хаа нэгтээ нэгэн цагт сэтгэлд тань байсан нэгэн бүсгүй ийн гунихран суухвий гэж сануулахыг хүссэнийх билээ. Хамтдаа бүтээх энэ амьдралд хэн хэн нь бодолтой байвал аз жаргалыг бүтээж чаднаа. Тиймээс шинэхэн аав ээжүүддээ бүгдэд нь аз жаргал хүсье!



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: